Боксчид өнгөтэй байна

Нийтэлсэн: Админ 2021-05-28 14:35:33

АНЭУ-ын Дубай хотод долоо хоногийн өмнө эхэлсэн сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх дөхлөө. Тэмцээнд 17 орны 150 тамирчин нударга зөрүүлж байгаа бөгөөд олимпын наадмын өмнөх гол сунгаа энэ. Монголын шигшээ багийн тухайд ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийн удирдлага дор жин бүрт тамирчинаа илгээсний дотор олимпын эрх авсан гурван боксчин маань тун өнгөтэй байна.

Эмэгтэй тамирчдаас 51 кг-ын жинд Л.Алтанцэцэг, 54 кг-д Э.Мичидмаа, 75 кг-д М.Мягмаржаргал нар хүрэл медалийн тавцанд гарахаар болов. Тэдний хувьд тивийн тэмцээн энэ хүрээд өндөрлөлөө. Харин эрчүүдээс тав нь хүрэл медалийн болзол хангасан бөгөөд медалийн өнгөө хувиргахаар өнөө шөнө рингэнд гарна.

Танилцуулбал, 49 кг-ын жинд О.Өнөболд Узбекистаны М.Мерзакмедовтой, 56 кг-д Универсиад наадмын аварга Х.Энх-Амар Киргизстаны Е.Акилбектэй, 60 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар Узбекистаны А.Калоковтой, 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг Узбекистаны Е.Абдураймовтой, 69 кг-д Б.Мишээлт Казахстаны А.Зуссуповтой өрсөлдөх юм.

Монголын боксчид Азийн АШТ-ээс цөөнгүй медаль авсан. 1971 онд Ираны нийслэл Тегеран хотод болсон тус тэмцээнээс Монголын анхны медалийг Ардын багш, гавьяат дасгалжуулагч, Азийн хошой аварга Хайдавын Алтанхуяг хүртэж байжээ.    

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх