Бие биенээ хүндэлдэггүйгээс болж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байна

Нийтэлсэн: Админ 2019-12-06 13:54:42
 

 

Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй "ОйлГОЕ ХҮНдэлье" аянд зориулсан арга хэмжээ боллоо.


Арга хэмжээ гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн үнэт зүйл, эерэг харилцаа, Монгол эр хүний үлгэр дуурайлал, гэр бүлд ээж, эхнэр хүний нөлөө зэрэг сэдвийн хүрээнд явагдсан юм.

Үйл ажиллагааг нээж Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга бөгөөд Нарийн бичгийн дарга Л.Нямгэрэл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль 2016 оны арванхоёрдугаар сард батлагдаж, гурван жил хэрэгжлээ. Нийгэмд хүчирхийлэл гэх тулгамдсан асуудалтай айл гэр, хүн бүр хэрхэн тэмцэх талаар мэддэг болсон. Учир нь өнгөрсөн гурван жилийн хүчирхийллийг үл тэвчих, түүний эсрэг хүн бүр өөрийн эрх үүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэхэд гар бие оролцож байна. Мөн энэ хүрээнд төрийн бус байгууллага, олон нийтийг татан оролцуулахад нэлээд ажил зохион байгуулж байна.

Зөвхөн хүчирхийлэл биш аливаа гэмт хэрэгтэй тэмцэхэд олон нийтийн үүрэг оролцоо хамгийн чухал. Тиймээс нийгэмд энэ чиглэлээр хандлага бий болгох, төлөвшүүлэх шаардлагатай гэж харж байна. Тухайлбал, хүчирхийллийн эсрэг хүчирхийллээр биш эерэг хандлагаар тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх юм. Энэ хүрээнд олон нийтэд “Хайрлая, хамгаалъя”, "ОйлГОЕ ХҮНдэлье" зэрэг аянуудыг зохион байгуулж байна. Энэ нь ч олон нийтийн дэмжлэг туслалцаагаар сайн явж байгаа гэж ойлгож болно” гэв.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд “Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэгт хийсэн судалгаагаар гэр бүлийн гишүүд харилцан бие биенээ хүндэлдэггүйн улмаас маргаан гарч, энэ нь хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл бий болж байна. Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийг иргэдэд таниулах, урьдчилан сэргийлэх, хор уршгийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэжээ зохион байгуулж, үр дүнтэй ажиллаж байна. Тухайлбал, улсын хэмжээнд гарч байгаа гэмт хэргийн арваннэгдүгээр сарын байдлын үзүүлэлтийг авч үзэхэд 3011 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 11.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмь хэргийн тоо 970 бүртгэгдэж өмнөх оноос 39 гэмт хэргээр өссөн. Гэмт хэрэгт холбогдож байгаа иргэдийн дийлэнх нь 25-49 насны иргэн байна.

 

Тиймээс гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, зан төлөвийг өөрчлөх, нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал далд хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийг илрүүлэх, хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр байгууллага иргэдийн хамтын оролцоог сайжруулах зорилгоор  "ОйлГОЕ ХҮНдэлье" аяныг улсыг хэмжээнд зохион байгууллаа. Үүнд тодорхой ахиц дэвшил гарч байгаад таатай байна” гэлээ.

Эх сурвалж: 24tsag.mn