Оюутолгойн уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулахад тулгамдаж буй
асуудлуудын нэг нь эрчим хүч билээ. Тус уурхайн оршиж буй өмнөд говийн
бүс нутаг нь эрчим хүчний гол эх үүсвэрүүдээс хэт алслагдсан, өнөөгийн
Монголын эрчим хүчний систем эх үүсвэрийн хомсдолтой байдал зэргээс
шалтгаалан цахилгаан хангамжийн хувьд өнөөг хүртэл хязгаарлагдмал байна.
Оюутолгой уурхайн цахилгаан хангамжийн өнөөгийн байдал нь 24 МВт-ын
суурилагдсан хүчин чадалтай дизель генераторыг ажиллуулж, хэрэгцээгээ
хангаж байгаа бөгөөд цаашид (2012 оноос эхлэн) уурхайг эдийн засгийн
эргэлтэд оруулахын тул зайлшгүй цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх
шаардлага тулгарч байна.
Уурхайн эхний ээлжийн олборлолт 2012 оноос эхлэх бөгөөд энэ үеийн
цахилгааны хэрэглээ 130 МВт (2011 онд 22.4 МВт байгаа) хүрснээр,
Оюутолгой уурхайн цахилгаан эх үүсвэрийн дотоод нөөц боломж дутагдахад
хүрэх юм.
Одоогийн байдлаар Оюутолгой уурхайн эрчим хүчний хангамжийг БНХАУ-аас
2012-2016 онуудын хооронд цахилгаан импортлох, 2014 оноос эхлэн Монголын
Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох гэсэн үндсэн хоёр хувилбар
төлөвлөгдөж байна. Үүнээс гадна дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай
"Клинтек" ХХК-ийн хэрэгжүүлж буй 102 МВт-ын суурилагдах хүчин чадалтай
"Оюу Толгойн Салхин Цахилгаан Станц" төсөл 2013 оноос эхлэн Оюутолгойн
төв дэд станцад холбогдон ажиллаж, байгаль орчинд хор нөлөөгүй цэвэр
эрчим хүчний үйлдвэрлэлийг уул уурхайн бүс нутагт бий болгохоор ажиллаж
байна.
Тус салхин цахилгаан станцын төлөвлөсөн байршил нь Өмнөговь аймгийн
Ханбогд сумын нутагт Оюутолгой уурхайгаас зүүн урд зүгт 50 км орчим
зайтай байрлах бөгөөд Монгол орны салхины арвин нөөц бүхий нэгдүгээр
зэрэглэлийн бүсэд оршдог. Салхин цахилгаан станц нь жилдээ 300 сая кВт.ц
цахилгаан үйлдвэрлэж, Оюутолгой болон Оюутолгой орчмын бүс нутагт
цахилгаан нийлүүлэх юм.
Салхин цахилгаан станцын жилийн эрчим хүчний үйлдвэрлэлийг зөвхөн
Оюутолгой уурхайн эрчим хүчний хэрэглээтэй харьцуулж үзвэл, 2013 онд
цахилгаан хэрэглээний 23.69 хувь, 2014 онд 16.27 хувь, 2015 онд 15.6
хувьтай тэнцэхүйцийг цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлээр хангах тооцоо
гарчээ.
Жилдээ 300 сая кВт.ц цахилгааныг салхины эрчим хүчээр үйлдвэрлэснээр,
нүүрсний хэрэглээт эрчим хүчний үйлдвэрлэлтээс бий болох нүүрсхүчлийн
хийн ялгаруулалтыг 345000 тонноор бууруулах бөгөөд энэ нь өнөөгийн
Монголын Төвийн эрчим хүчний системийн ялгаруулалтын 9 хувьтай тэнцэж
байна. Мөн тус салхин цахилгаан станц нь жилдээ эрчим хүчний үйлдвэрлэл
дэх цэвэр усны зарцуулалтыг 3 сая куб.метрээс, түүхий нүүрсний
зарцуулалтыг 750000 тонноор тус тус бууруулж, 170 мянган өрхийн жилийн
эрчим хүчний хэрэглээтэй тэнцэх цахилгааныг байгаль орчинд сөрөг
нөлөөгүй, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлээс үйлдвэрлэх тооцоо гарчээ.
Салхин цахилгаан станцын барилгын ажил 2012 оноос эхлэн нэг жилийн
хугацаанд үргэлжлэх бөгөөд 2013 онд онд Оюутолгой уурхайн төв дэд
станцад холбогдохоор төлөвлөгдсөн. Монгол Улсад байгуулагдах салхин
цахилгаан станцуудаас хүчин чадлаараа хамгийн том нь юм. Энэ мэтээр
байгаль орчинд хор нөлөөгүй цэвэр эрчим хүчний хэрэглээг ашиглах нь уул
уурхайн салбарынхны хувьд нийгмийн өмнө үүрэг хариуцлагаа хүлээж буйн
нэг илрэл болох болов уу.
Э.Мягмардорж
Монголын Салхины Эрчим Хүчний Ассоциаци