Оросын сонгуулийн эргэн тойронд
Хөрш Орос улсын иргэдийн хувьд төрийн тэргүүнээ сонгоход ердөө сар гаруйхны хугацаа үлдээд байна.
Гуравдугаар сарын 4-ний өдөр болох Оросын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар
тус улсын болон гадаадын хэвлэлүүд дэлгэрэнгүй бичиж байгаа тул
сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх явц хийгээд сонгуулийн санал хураалтын
дүнгийн талаар ямар таамаг дэвшүүлж, ямар дүгнэлт хийж байгаа талаар
уншигчдадаа тоймлон толилуулахыг хичээлээ.
ОХУ-ын Сонгуулийн Төв комисс /СТК/ лхагва гарагт Оросын толгой баячуудын
дотор хөрөнгийнхөө хэмжээгээр 3-т ордог тэрбумтан Михаил Прохоров
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх 5 дахь нэр дэвшигчээр бүртгэн авснаар
бүртгэлийн ажиллагаа дуусч байна.
Оросын Сонгуулийн Төв комисс түүнийг дэмжигчдийн 2 сая гарын үсэг бүхий
хуудсуудаас 20 хувь буюу 400 мянгыг нь шалгахад шаардлага хангаагүй буюу
''хулхи'' гарын үсгийн тоо 5 хувиас бага буюу 4.38 хувь байсан учир
Прохоровыг нэр дэвшигчээр бүртгэн авчээ. Өөрийг нь бүртгэн авахаас өмнө
буюу өнгөрсөн долоо хоногт Прохоров сонгуулийн мөрийн хөтөлбөрөө олон
нийтэд хэдийнэ танилцуулчихсан байжээ.
Хөтөлбөртөө тусгасан гол амлалтууд нь гэвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн
хугацааг 4 жил болгож 2016 онд дараагийн сонгуулийг явуулах, Орос улсад
иргэний нийгэм байгуулж, ардчиллыг тогтоон, эдийн засгийг
хүчирхэгжүүлэхэд чиглэсэн шинэтгэл явуулах явдал.
Форбес сэтгүүлд бичсэнээр, Прохоров өөрийгөө улс төрийн талаар хэнээс ч
хамаардаггүй гэж ярьдаг боловч нэн хүчирхэг ерөнхий сайдаа шүүмжилсэн үг
түүний амнаас огт гарахгүй байгаа юм.
Тэгэхээр Прохоровыг бүртгэсэн нь түүнийг Путины өрсөлдөгчдийн саналаас
зулгаах зорилготой Кремль хавьцааны нэр дэвшигч гэсэн цуу яриаг улам
хөөрөгдөж байна гэж Францын AFP агентлагийн сурвалжлагч бичжээ.
Прохоровыг бүртгэж авснаар сонгуульд хэн хэн өрсөлдөх вэ гэдэг нь эцсийн
байдлаар нэгэнт тодорхой болжээ. Эд бол Оросын засгийн газрын тэргүүн
Владимир Путин, Оросын Коммунист Намын дарга Геннадий Зюганов,
Либерал-Ардчилсан намын удирдагч Владимир Жириновский, ''Шударга Орос
орон'' намын дарга Сергей Миронов, ''Зөв үйл хэрэг'' намын дарга асан,
одоо бие даан нэр дэвшиж буй тэрбумтан Михаил Прохоров нар юм.
Ингээд эдгээр нэр дэвшигчдийн чансаа одоогийн байдлаар ямар байгааг сонирхуулахад илүүдэхгүй болов уу.
Олон нийтийн санаа бодлыг тандах Бүх Оросын төв буюу ВЦИОМ гэдэг Оростоо
хамгийн нэр хүндтэй судалгааны байгууллага энэ сарын 14-15-ны өдрүүдэд
санал асуулга явуулжээ.
Тус төв Оросын Холбооны улсын 46 субъектэд оршин суудаг нийт 1600 хүний дунд дараах асуултыг тавьжээ.
''Хэрвээ дараагийн ням гарагт сонгууль болбол хэний төлөө саналаа өгөх вэ?''
Санал асуулгын дүнгээр, хэрвээ нөгөөдөр буюу 29-нд сонгууль болбол
Оросын Ерөнхий сайд В.Путин 52%, В. Жириновский 9%, Г.Зюганов 11%,
С.Миронов 4%, М.Прохоров 2%-ийн санал тус тус авахаар байна. Сар хагасын
өмнө явуулсан санал асуулгын дүнгээр Путины чансаа 42 хувьтай байсан
бол одоо бүхэл бүтэн 10 хувиар эрс өсчээ. Түүнээс гадна,
''Левада-центр'' гэдэг өөр нэгэн судалгааны байгууллагын тооцоолсноор,
Путины одоо ерөнхий сайд байх хугацаандаа хийж буй ажлыг сонгогчдын 65
хувь нь сайшааж байгаа гэнэ.
Хэдийгээр Жириновскийн чансаа 9 хувьтай байгаа ч сонгууль хоёр шаттай
болно гэж Оросын коммунистууд найдаж байгаагийн учир нь сонгогчид зөвхөн
санал авах өдөр л үзэл бодлоо жинхэнэ ёсоор илэрхийлэх аж.
Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд нэр дэвшигчдийн хэн нь ч 50
хувийн санал авч чадаагүй тохиолдолд хоёрдахь шатны сонгууль болдог хаа
газрын ёс.
Дашрамд, Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхийн тулд тухайн хувь хүн, нам, улс
төрийн хүчин ямар шаардлага, шалгуурыг давсан байх ёстой талаар ОХУ-ын
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд юу гэж заасан байдгийг товч
дурдъя.
Уг хуулиар Орос улсад 10-аас доошгүй жил байнга оршин суугаа, 35-аас
дээш насны ОХУ-ын иргэн хэн боловч Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй ажээ.
Өмнөх сонгуулиудаас ялгаатай нь 3 дугаар сард болох сонгуулиар Оросын
Ерөнхийлөгчийг анх удаагаа 6 жилийн хугацаатайгаар сонгох юм.
Манай Монголоос ялгаатай нь, ОХУ-ын иргэн хэн боловч Ерөнхийлөгчид бие
даан нэр дэвших эрхтэй бөгөөд үүний тулд тухайн нэр дэвшигч нь юуны өмнө
өөрийг нь дэмжиж буй санал өгөх эрх бүхий 500-гаас доошгүй иргэнээс
бүрдсэн сонгогчдын бүлгийг байгуулан СТК-д бүртгүүлэх ёстой.
Хоёрдугаарт, сонгуульд нэр дэвшигчээр оролцох эрх авахын тулд 2 саяас
доошгүй тооны гарын үсэг цуглуулан СТК-оор шалгуулах журамтай.
Түүнээс гадна улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг гэдэг нь
тодорхой. Тухайн нам их хурлаараа хэнийг дэвшүүлэхээ шийднэ.
Жириновский, Зюганов, Миронов гурвын нам Төрийн Думд суудалтай тул тэд
намаасаа шууд нэр дэвшжээ. Харин Думд суудал авч чадаагүй намууд өөрийн
нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахын тулд бие даан нэр дэвшигчдийн адил
2 саяас доошгүй тооны гарын үсэг цуглуулан Сонгуулийн Төв комисст өгөх
шаардлагатай, гэхдээ гарын үсгийн тоо 2.1 саяас илүү гарч болохгүй, дээр
нь ОХУ-ын нэг субъектээс 50 мянгаас илүү тооны гарын үсэг цуглуулж
болохгүй гэнэ.
Харин мягмар гарагт Оросын СТК ''Яблоко'' намын тэргүүн Григорий
Явлинскийг нэр дэвшигчээр бүртгэн авахаас татгалзсан нь багахан шуугиан
дэгдээгээд авав. Учир нь түүний цуглуулсан гарын үсэгнүүдээс олон зуун
мянга нь хүчингүйд тооцогдсон буюу ''браклагдсан'' аж. Явлинскийг нэр
дэвшигчээр бүртгэхээс нэгэнт татгалзсан тул түүний намынхан ажиглагчдаа
сонгуулийн хэсгүүдэд ажиллуулах боломжгүй болж байгаа юм. Хуулиараа бол,
зөвхөн сонгуульд оролцох эрх авсан нэр дэвшигчид л өөрсдийн ажиглагчдыг
хэсгүүдэд илгээн санал хураалтын явцыг ажиглаж болдог гэнэ. СТК-ийн
нарийн бичгийн дарга Николай Конкины ярьснаар, Явлинскийг дэмжигчдийн
600 мянган орчим гарын үсгийг ''ориг'' эсэхийг нь шалгаж үзэхэд 25
хувийг нь ''канондсон'' байжээ. Оросын хуулиар бол иймэрхүү төрлийн
''гологдол''-ийн тоо 5 хувиас хэтрэхгүй байх ёстой гэнэ.
Дашрамд хэлэхэд, Явлинский бол Путиныг нэлээд шүүмжилдэг улс төрчдийн нэг аж.
Хэдийгээр тэрбээр 12 дугаар сард болсон парламентын сонгуулийн явцад
гарсан луйврыг эсэргүүцсэн жагсаал цуглаанд төдийлөн идэвхитэй
оролцоогүй боловч өөрийн намын хэдэн мянган ажиглагчдыг сонгуулийн
хэсгүүдэд ажиллуулж байсан юм.
Түүний ''Яблоко'' нам 2007 оноос хойш парламентад суудалгүй учраас
хуульд заасан ёсоор 2 сая гарын үсэг цуглуулах хэрэгтэй болж байгаа юм.
Намын дарга Сергей Митрохин Явлинскийг бүртгэхээс татгалзсан явдалд илт
дургүйцэж СТК ''улс төрийн захиалга'' биелүүлсэн гэж буруутгаад авчээ.
СТК Явлинскийгээс гадна Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн Эрхүү мужийн
захирагч Дмитрий Мезенцевийг нэр дэвшигчээр бүртгэн авахаас татгалзсан
байна.
Түүнийг дэмжсэн гарын үсэгнүүдээс 105 мянгыг нь шалгахад 15 хувь нь
хүчингүй болсон тул нийт 2 сая гарын үсгийг цааш нь шалгаад байх
шаардлагагүй нь ойлгомжтой болов.
Мезенцевийн ирүүлсэн дэмжигчдийнх гарын үсэг бүхий хуудаснуудын нэлээд
хэсгийг гарын үсэг цуглуулагчид үнэн гэдгийг нь баталгаажуулаагүй
гэдгийг Н.Конкин дурджээ.
Сонгуультай холбоотой зарим нэгэн сонин содон мэдээг дуулгахад, Оросын
нэртэй блогч Алексей Навальный хэдхэн хоногийн өмнө ''РосВыборы'' гэдэг
цахим хуудас нээснээ зарлажээ. Энэ сайтад хүссэн хэн боловч 3 дугаар
сарын 4-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг ажиглах ажиглагчаар
бүртгүүлж болох гэнэ.
Төслийг санаачлагч Навальныйн өөрийнх нь ярьснаар, зөвхөн Москвад гэхэд
10 мянган ажиглагч, харин нийт Орос орон даяар мөн тооны сайн дурынхныг
хамруулж чадах бололтой. ''Бүгдээрээ л ажиглагчид болъё л доо, энэ чинь
хөгжилтэй, дээр нь бас нэг их цаг зав ороод байхааргүй ажил шүү дээ''
гэж нэрт блогч уриалж байна. Тэгэхээр ажиглагчдыг юуны түрүүнд өмнөх
сонгуулийн үеэр зөрчил хамгийн олон удаа гарсан тэр сонгуулийн хэсгүүд
рүү илгээх төлөвлөгөөтэй байгаагаа Навальный ярьсан юм.
Дашрамд дурдахад, ирэх сонгуулийг шударгаар явуулах зорилгоор
''Сонгогчдын Лиг'' гэдэг байгууллага долоо хоногийн өмнө Орост
байгуулагдсан байна. Түүнд нэртэй эрдэмтэд, зохиолчид, хөгжимчид,
иргэний хөдөлгөөний идэвхтэнүүд нэгдсэн бөгөөд Навальныг эгнээндээ
элсүүлэх дургүй байна. Учир нь тэд улс төрийн ямар нэгэн ашиг
сонирхолгүй гэдгээ илэрхийлж, хэн нэгний хувийн ашиг сонирхол, амбицаас
хамаарахыг хүсэхгүй байгаа юм.
Одоо сангийн сайдаас огцорсон Алексей Кудрин өөрийн блогтоо юу гэж
бичсэнийг сонирхоё. Түүнд ''Путинтэй мөчөөрхөлцөж чадах тийм нэр хүндтэй
улс төрчийг Оросын сөрөг хүчнийхэн ойрын жил хагасаас хоёр жилээс наана
гаргаж ирэн нэр дэвшүүлж чадахгүй болов уу'' гэж таамаглажээ.
Кудрин төдийгүй шинжээчид бараг бүгдээрээ Путин ялах нь гарцаагүй гэж
үзэж байна. Гэхдээ ирээдүйн ерөнхийлөгч Путин 2000-2008 онд төрийн
тэргүүн байсан тэр үеэсээ тэс ондоо хүн байх болно гэж ''Файнэншл
Таймс'' сонинд бичжээ. Энэ мэтээр таамаг дүгнэлт хөвөрсөөр...
Эцэст нь өгүүлэхэд, Оросын хуулинд зааснаар, СТК энэ сарын 29-ний өдөр
хуралдаж хэнийг нь бүртгэж, хэнийг нь бүртгэхээс татгалзах вэ гэдгээ
эцэслэн шийдэж албан ёсоор мэдэгдэх гэнэ.
Б.Адъяахүү