“Дөрөв дэх засаглал”-ын шилдгүүд тодорлоо
Хэвлэл мэдээллийн салбарынхан 2011 оны шилдгүүдээ тодруулж, “Дөрөв дэх засаглал” цэнгүүнээ хийлээ.
Өнгөрсөн сарын 30-ны үдэш “Сүнжин гранд” ресторанд болсон энэхүү арга хэмжээг мэргэжил нэгтнүүд маань тэсэн ядан хүлээдэг болсоор 14 дахь шинэ жилтэйгээ золгож байгаа юм.
Хэзээд цаг нартай уралдаж, үг, үзгээр зэвсэглэн үйл явдлын тэргүүнд явдаг бид энэ үдэш өнгөрч буй жилийнхээ хийсэн бүтээснийг үнэлүүлж, дүгнүүлэн, стрессээ тайлж, баярлаж цэнгэн шинэ оноо угтдаг. Тиймдээ ч сэтгүүлчдийн хувьд хамгийн дурсгалтай, дурсамжтай мөчүүдийн нэг байж чаддаг.
Ийнхүү үдшийн 19.00 цагт “Дөрөв дэх засаглал” цэнгүүнийг нээж “Монголын Сонины холбоо”-ны ерөнхийлөгч Р.Хадбаатар үг хэлсэн билээ. Тэрбээр “Сэтгүүлчдийг байртай, газартай болохын төлөө шаргуу ажиллаж, нийгмийн асуудалд анхаарна” гэж амласан юм. Мөн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх, С.Баярмөнх, Л.Нинжжамц, П.Сайнбилэг нар өнгөрсөн жил хийсэн бүтээсэн болоод ирэх онд хийх ажлуудынхаа тухай бидэнтэй сэтгэлийн үгээ хуваалцсан юм.
“Дөрөв дэх засаглал” цэнгүүний хүндтэй зочин Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нар сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлж, цаашид ч хамтран ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхий сайд сэтгүүлчдийн орон сууцны асуудалд анхаарна гэдгээ ч дуулгасан юм. Хүндэт зочид маань 2011 оны шилдгүүдийн шагналыг гардуулж, ирэх ондоо уран бүтээлийн арвин олзтой, амьдралаа аз жаргалаар бялхуулж явахыг ерөөн үнэн үгт, үзэг хурц сэтгүүлчдэд урам өгснийг дуулгахад таатай байна.
Эгнээндээ 30 орчим өдөр тутмын болон долоо хоног тутмын сонин, телевиз, радио, мэдээллийн сайтыг нэгтгэсэн МСоХ-ныхон 2011 оны шилдгүүдээ шалгаруулахад нэлээд төвөгтэй байсан гэнэлээ. Тэгсэн ч бусдаасаа илүү байсан хэвлэл мэдээллийн байгууллагуудаа шалгаруулах нь энэ үдшийн гол ажил байсан юм.
Шилдгүүдээ тодруулах агшин цэнгүүнд ирсэн олныг амьсгаа даран чагнаж, алга нижигнүүлэн таших тун гайхалтай орчныг бүрдүүлж чадсан. 2011 оны “Шилдэг сайт”-аар Ж.Жаргалсайхан захиралтай “Масс.мн” тодорсон бол “Долоо хоног тутмын шилдэг сонин”-оор Б.Амгалан эхрлэгчтэй “Хүмүүс” сонин шалгарлаа. Харин “Шилдэг телевиз”-ээр “Бидэнтэй хамт байгаарай” уриатай С.Отгонмөнх захиралтай “ТВ-8”-ын хамт олон тодорч шагналаа гардсан юм.
“Шилдгийн шилдэг сонин” өргөмжлөл, шилжин явах цомын эзнээр Д.Отгонбаяр эрхлэгчтэй “Зууны мэдээ” сонин тодорч, хамт олон төдийгүй мэргэжил нэгт нөхдөө баярлууллаа. Цэнгүүний үеэр сэтгүүлчид “Атаархаагүй бол алгаа таш” гэдэг уриагаар “Сүнжин гранд”-ыг ёстой нэг доргиосон шүү.
Энэ үеэр Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Up Town” сэтгүүлийн сурвалжлагч Ц.Бадамсүрэнд МСЭ-ийн “Ган үзэг” шагнал гардуулсан бол Сангийн сайд С.Баярцогт “Сангийн яамны хүндэт тэмдэг”-ээр манай сонины эрхлэгч Л.Нинжжамц, “Хүмүүс” сонины эрхлэгч Б.Амгалан, “Монголчуудын амьдрал” сонины эрхлэгч Ч.Бямбацэцэг, “Сэрүүлэг” сонины эрхлэгч Ч.Өлзийдэлгэр, “Хүмүүсийн амьдрал” сонины эрхлэгч Г.Ганхуяг, “ТВ-8” телевизийн захирал С.Отгонмөнх, “Chuhal.mn” сайтын захирал Б.Оюунгэрэл, “ТВ-9” телевизийн мэдээний албаны дарга Б.Отгон, “Миний эрүүл мэнд” сонины эрхлэгч Д.Бадамгарав нарын шилдгүүдийг шагнасан нь мэдээллийн салбар өнөөгийн нийгэмд ямар байр суурь эзэлдэг болохыг харуулсан хэрэг болсон юм.
Бидний баярыг хөгжөөхөөр МУСТА дуучин Болор, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амараа, “Киви” хамтлаг, “Өглөөний сонин”-ы сэтгүүлч, залуу дуучин В.Дондовдорж гээд олон уран бүтээлч хүрэлцэн ирж, бүжгийн талбайд “танц”-луулав.








Сэтгүүлчид шилдгүүдээ тодруулж, үдшийн цэнгүүндээ доргиж байх үед зарим нөхөд маань ажлаа хийсээр байсан нь гарцаагүй.
Тиймээс үзэг нэгтнүүддээ 2012 ондоо мэдээллийн уурхайгаас сорыг нь түүж, шилдэг мэдээ, мэдээллээр уншигч, үзэгчдээ цэнэглэж байхыг хүсэн ерөөе.