“Петро чайна Дачин тамсаг”-ийн арыг даагч хэн бэ?
- Дорнодын сав газарт дураараа дургиж буй “Петро
чайна Дачин тамсаг” нь ардаа “хөзрийн тамгатай”, авдрандаа мөнгөтэй
гэдгээ монголчуудад гайхуулав. Тэр нь хэн бэ гэдэг нь асуултгүй
ойлгомжтой байна-
Хятадын “Петро чайна Дачин тамсаг”-ийн өмнө Монголын хууль хүчгүйдэв. Тэд Монголын хуулиас, хууль сахиулах албаныхны дээр оршдог нь нэгэнтээ тодорхой боллоо. Өнгөрсөн хэдхэн хоногт болоод өнгөрсөн үйл явдлаас харахад Дорнодын сав газарт дураараа дургиж буй “Петро чайна Дачин тамсаг” нь ардаа “хөзрийн тамгатай”, авдрандаа мөнгөтэй гэдгээ монголчуудад гайхуулав. Тэр нь хэн бэ гэдэг нь асуултгүй ойлгомжтой байна. Салбарын сайдаас ч илүү эрх мэдэлтэй нөхөр цаана нь байгаа болохоор “Петро чайна Дачин тамсаг”-ийн өмнө Монголын хууль хүчгүйдсэн нь энэ.
Өнгөрсөн зургадугаар сарын 24-ны өдөр Авто тээврийн газраас “Петро чайна Дачин тамсаг”-ийн тээврийн замыг хаах болсноо дуулгав. “Петро чайна Дачин тамсаг” нь Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын тухай, Авто замын тухай, Авто тээврийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудыг биелүүлээгүйн төлөө тээвэрлэлт хийх эрхээ тодорхойгүй хугацаагаар хасуулсан аж. Энэ нь саарал ордонд нэлээд “дажин” дэгдээнэ гэж хэн санах билээ. Тэр тусмаа шалгалтын комиссынхон хэн нэгэн даргын хэтэвч руу урсах мөнгөний сувгийг хааснаа хэрхэн мэдэх вэ дээ.
“Петро чайна Дачин тамсаг”-ийн замыг хаахаар болсон мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацангуут л Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Газрны тосны газрынхан нэлээд сандарч тэвдсэн гэх албаны эх сурвалжийн мэдээлэл бий. “Петро чайна Дачин тамсаг”-ийн тээврийн замыг хаасны дараахан уг замыг нээхийг хүссэн Газрын тосны газрын даргын гарын үсэгтэй албан тоот Зам тээвэр барилга, хот байгуулалтын яаманд хүргэгдэн ирсэн байна. Монголын хуулийг хэрэгжүүлж сахиулах үүрэгтэй Монголын төрийн агентлагийнхан нэг компанийн өмнөөм албан тоот явуулаад, арга хэмжээ авхуулахыг нь болиулах гээд гүйж явна гэдэг ардаа “но”-той, “ноц”-той асуудал байсан болохоор тэр биз. Авто тээврийн газрын холбогдох албаныхан “Петро чайна Дачин тамсаг” ХХК-ийн удирдлагуудтай энэ сарын 4-нд уулзсаны маргааш л тус компанийн тээврийн замыг нээхээр шийдвэрлэж.
“Петро чайна Дачин тамсаг”-тай холбоотой сөрөг мэдээлэл багагүй цацагддаг. Монгол ажилчдаа маш хямдхан аргаар мөлждөг, хятад ажилчид нь монгол ажилчдаа зоддог, дээрэлхдэг гэх мэдээллийн мөрөөр Засгийн газраас ямар арга хэмжээ авдаггүй. Авсан арга хэмжээг нь цуцлуулахын тулд “армиараа” хөдөлж байгааг нь харахад аргагүй “Петро чайна Дачин тамсаг”-хүчтэй. Арынх нь түз эрх мэдэлтэй юм байна. Ингэж л энэ үйл явдал дүгнэгдэж байгаа. Тэгвэл тэр арын түз нь хэн бэ. Асуултгүйгээр ойлгогдож байгаа тэр нөхөр хэн бэ гэж үү. Тэр нь Засгийн газар.
С.Батболдын Засгийн газар “Петро чайна Дачин тамсаг”-тай нэгэн тохироог 2009 онд хийгээд авсан гэх хардлага байгаа. Албаны эх сурвалж дээрх яриаг ор хоосонгүй гэхээс харвал Монгол Засгийн газар хятадуудаас овоохон мөнгө халаасалсан бололтой. Тэр мөнгө яалаа гэж улсын төсөвт орох билээ. Ямар тэнэг хүн тохиролцоогоор орж ирж буй мөнгийг улс орондоо “хандивлах” вэ дээ.
“Петро чайна Дачин тамсаг”-ийг энэ Засгийн газрын хугацаанд ямар нэгэн асуудлаар оролдохгүй гэх тохиролцоог хятадуудтай хийснийхээ хариуг хэдээр үнэлсэн бэ гэдгийг л харин эрх баригчид, энэ Засгийн газрынхнаас асуумаар байна. Салбарын сайд сачий нь хүрэхгүй хүчин мөхөсдөж байгаагаас харахад “сайн” эрийн халаасанд чамгүй мөнгө орсон дэгээ, энэ явдлыг тоймлоход ийм л дүгнэлт гарч ирж байна.
Н.Бадарч