Кремлийн дараагийн эзэн тодорлоо
Монголын хойд хөрш ОХУ-д өнгөрсөн амралтын өдрүүд улс төрийн үйл явдлаар арвин байлаа. ОХУ-ын өнөөгийн Ерөнхий сайд Владимир Путин 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдсэн нь Монголын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. Өнгөрсөн бямба гаригт болсон Нэгдсэн Орос намын ээлжит чуулганаар В.Путин энэхүү мэдэгдлээ хийсэн байна.
Путиныг Ерөнхийлөгч Борис Ельцин гараас нь хөтлөн улс төрд авчирч өөрийнхөө суудлыг залгамжлуулан үлдээж, 2000-2008 онд В.Путин агуу Орос орныг удирдаж байсан юм. Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн суудалд хоёр удаа л улиран суух боломжоо 2008 онд дуусгасан В.Путин 2008 онд өнөөгийн Ерөнхийлөгч Дмитрий Медведевийг мөн гараас нь хөтлөн авчирсан. Үүнээс хойш Медведевийг өөрийн толгойгүй, араас нь удирдагч нь Путин хэмээн ярьдаг байсан ч өнгөрсөн жилээс “толгой даах” оролдлого гаргаж байгааг ажиглагчид сануулсаар байсан. Харин одоо Кремлийн дараагийн эзэн хэн болох нь тодорхой болж байна.
В.Путины энэхүү мэдэгдлээс үүдэн Оросын улс төр хөдөлгөөнд ороод байна. ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельциний үед дэд ерөнхий сайд байсан Борис Немцов В.Путиныг олон жил дангаар ноёрхох засаглалыг хэрэгжүүлсэн Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой зүйрлэсэн байна. ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч Д.Медведев Нэгдсэн Орос намын ээлжит уулзалтаар намын дарга В.Путиныг 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг уриалахад, В.Путин "Та бүхэн намайг Оросын дараагийн ерөнхийлөгч гэж харж байгаад талархаж байна. Миний хувьд энэ саналыг хүлээн авах нь нэр төрийн хэрэг” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Харин үүний хариуд В.Путин залуу, эрч хүчтэй кабинетыг удирдах ерөнхий сайдаар Д.Медведевийг томилохоо амласан байна. Оросын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайд В.Путиныг Ерөнхийлөгч Д.Медведевээс илүү нөлөөтэй гэж бичдэг юм.
А.ТЭРГЭЛ