Улстөрчдийн цэцэрлэг
Оюутан нас гэдэг сурч боловсрох,
амьдралд хөлөө олох нэгэн томоохон хариуцлагын эхлэл гэмээр. Харин тэр
дундаас гайгүй сурдаг бусдаас илүү овойж, товойх жаахан л мэдлэгтэй
байхад л оюутны зөвлөлийн дарга болно. Гэхдээ дан ганц мэдлэгтэй байгаад
биш ээ. Нэлээдгүй хэдэн хүний дэмжлэг хэрэг болно. Яг л та бидний
сонгууль өгдөг шиг нэр дэвшиж бид саналаа өгөх тийм л зарчим үйлчилнэ.
За тэгээд оюутны зөвлөлийн дарга болчихсон бол сургуулийн захирал шиг л
эрх мэдлийг халааслах нь тэр дээ. Бүхий л тэмцээн уралдаан, баяр ёслол,
арга хэмжээнүүд оюутны зөвлөлийн даргын шийдвэрээр зохион
байгуулагдана. Ер нь тэгээд бүхий л хөрөнгө нь дээр суух нь тэр. Зарим
нэг нь найз байсан бол танихаа байх жишээтэй. Манай УИХ-ын гишүүд шиг
нэг л дарга болсон бол дөрвөн жил ноёрхлоо тогтооно. Үндэс сууриа баттай
суулгаж авах нь тэр дээ. Зөвхөн нэг сургуулийн хувьд ийм байна. Харин
Монголын оюутны холбоо (МОХ) бол арай л өөр зарчимтай ажиллана. Хэрэв
дарга болсон бол байнга л хийсэн үйлдлээ хянаж цэгнэж байхгүй бол
өрсөлдөгч тун их, нэг даргаа сонгох гэж бүхэл бүтэн өдөржин шөнөжингүй
хурал хийнэ. Бас болоогүй нэг л их том дарга нар шиг нэгнийхээ муу
муухайг дэлгэх гэж бөөн л хор найруулна. Хэн дуртай нь МОХ-ны дарга
болохгүй шүү. УИХ-д Ерөнхий сайдыг эрх баригч намаас сонгодог шиг хэн
гэдэг зөвлөлийн гишүүний фракц хүчтэй байна, тэр хүн л дарга болох
жишээтэй. Энэ мэтчилэн олон хүчин зүйлсүүд оюутан залуусыг улс төржүүлж
байна. Ер нь бол бага зүйлээс томыг олж авдаг. Оюутны зөвлөл, оюутны
холбоо энэ бүгдээс эхлээд улстөрч болох гараагаа эхлэж байгаа юм гэж
хэлж болно. Нэг үгээр хэлбэл ирээдүйн улстөрчдийг бэлтгэн гаргах
анхан шатны цэцэрлэг, буюу улстөрчдийг бойжуулагч нь их дээд сургууль
юм. Хэн дуртай нь улстөрч болдоггүй гэдэг. Харин хэн мөнгөтэй нь, мөн
хэн самбаатай нь улстөрч болдог болсон хорвоо. Гэвч тэд энэ цэцэрлэгээс
юу сурч байна, хэрхэн мөнгө идэх, яаж хор найруулахыг л суралцаж байна
шүү. Хэтэрхий их буруу сэтгэлгээтэй болжээ. Их сургуульд нэг иднэ, чадал
нь хүрвэл улс төрд орж хүслээ гүйцэлдүүлэх санаа тэдэнд төлөвшиж бий
болсон байна.