Нэвтрэх Бүртгүүлэх
 
ГУРВАН САЯ МОНГОЛЧУУДААС ЧИНГИСИЙН ОДОН ХҮРТЭХ ГАВЬЯАТАН ТӨРСӨНГҮЙ
pmvPYzAzlMMDvQVdbattulga-17690.jpg
1 сар 1 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

ГУРВАН САЯ МОНГОЛЧУУДААС ЧИНГИСИЙН ОДОН ХҮРТЭХ ГАВЬЯАТАН ТӨРСӨНГҮЙ


Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" нохой жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу  11 дүгээр сарын 8-ний пүрэв гарагт тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.


Харин энэ жил Ерөнхийлөгч “Чингис хаан” одонг олгохгүй, өнжихөөр шийдвэрлэсэн юм. Чухам яагаад өнжих болсон нь одоогоор тодорхой байна.


Монголын түүхийн тайлбар тольд дурдсанаар “2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ-аас сайшаан дэмжиж, 21 дүгээр тогтоол баталснаар энэхүү одонг олгодог болгосон. Харин Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 171 дүгээр зарлигаар “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах долоон зүйл бүхий журмыг баталжээ” хэмээн дурдсан байна.


Журамд, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэн, улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улсын гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн”-д “Чингис хаан” одонг олгохоор болсон. Мөн журамд, жил бүр Чингис хааны мэндэлсэн өдөр буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр зарлиг гарган уг одонг олгох, мөн өдрөөс 10 хоногийн өмнө “Чингис хаан” одонгоор шагнах хүнийг олон нийтэд зарлах, одон гардуулах ёслолыг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгуулахаар заажээ. Түүнчлэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын үндсэн зохион байгуулалт, одон хүртэгчийг алдаршуулах, тэдэнд үзүүлэх урамшуулал зэргийг мөнхүү журамд тусгасан байна. 


Хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаас хойш “Чингис хаан” одонг нийт 11 эрхэм хүртжээ.

Анх одонг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар нэг дэх Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байв. Энэ зарлиг нь хоёр дахь Ерөнхийлөгчийн сvvлчийн зарлиг байсан бөгөөд хоёр дахь Ерөнхийлөгч зарлигаар гурав дахь Ерөнхийлөгч анхны Ерөнхийлөгчид гардуулж буй нэн онцгой тохиол байв.


Тус зарлигт “П.Очирбат таны Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өргөтгөхөд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж…" хэмээн өгүүлсэн байдаг.


Үүнээс хойш 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав

2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди

2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл

2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном

2014 онд Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай

2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо

2016 онд МУГЖ, Дуурийн дуулаач Г.Ариунбаатар

2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр зэрэг эрхмүүд тус шагналыг хүртсэн юм.

 Харин энэ жилийн тухайд тус одонг олгохгүй. Чингис хаан хэмээн цээжээ дэлддэг бидэнд энэ хүндтэй шагналыг авах “шандастай” аавын хүү байхгүй байв уу.


Р.Хишигжаргал



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.