Нэвтрэх Бүртгүүлэх
 
АРХИНД ДОНТОЛТЫГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ УДААХ ТӨСӨЛ ДЭМЖИГДЭХ НЬ ҮҮ?
olloo_mn_1402538849_arhiiii-17670.jpg
1 сар 6 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

АРХИНД ДОНТОЛТЫГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ УДААХ ТӨСӨЛ ДЭМЖИГДЭХ НЬ ҮҮ?


-Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн төсөл хэрэгжвэл архинд донтох өвчтэй 2198 хүний тоо 60 орчим хувь буурна-

 

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хэлэлцүүлгээр хэлэлцэгдэх анхаарал татаж буй асуудлын нэг бол Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд юм.


Уг хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сарын 11-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барьж байв.


Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр батлагдсанаас хойш 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Энэ нь 4 бүлэг, 23 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн нэрийг “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” гэж өөрчилж, хэрэгжүүлэх чиг үүргийг нь харгалзан “Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар” гэснийг хуулийн төсөлд “Албадан эмчлэх эмнэлэг” гэж нэрлэсэн гэдэг.


Согтуурч, мансуурч, донтох өвчтэй хүнийг албадан эмчлэх тухай хууль тогтоомж нь Эрүүл мэндийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрддэг. Тийм ч учраас дээрх төслийн ажлын хэсэгт Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нарын холбогдох байгууллагуудын нэр бүхий 12 хүн багтсан юм.


Цагдаагийн байгууллагад 2016 оны байдлаар бүртгэгдсэн архаг архичин 3621, үүнээс гэр оронгүй 341, архинд донтох өвчтэй 2198, нийслэлд 896, орон нутагт 2725 хүн байна гэсэн судалгаа байдаг.


Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6.6-д сэтгэцийн эмгэгийн эмчилгээний төлбөрийг төр хариуцахаар заажээ. Дархан-Уул аймагт дөрөвдүгээр сараас эхлэн албадан эмчилгээ хийгээд эхэлсэн гэх мэдээлэл байгаа. Наркологийн төв эмнэлгийн Эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Гэрэлчимэг  архинд донтуулах үйлчилгээтэй бодис байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн гэв. Түүнчлэн Эмэгтэй хүний хувьд харьцангуй хожуу насанд илэрдэг бол эрэгтэй хүмүүсийн хувьд хэдий эрт насандаа архи амсана, архины хамаарал төдийчинээ гүнзгий илэрдэг аж. Харин нийт эмчлүүлэгсдийн 60-70 хувь нь бүрэн эдгэрдэг, 20-30 хувь нь дахилт өгөөд эргэн ирдэг байна. Үлдсэн 10 хувь нь батжуулах эмчилгээ буюу үзүүлэх эмчилгээндээ байнга хамрагддаг талаар ярьсан юм.


Үнэхээр албадан эмчилгээ хийлгэснээр ийм хэмжээний үр дүн гарах бол дээрх хуулийн төсөл дэмжигдэх байх. Олон талын өгөөжтэй байх болно. Тухайлбал, архидан согтууралт буурахаас эхлээд хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, эмзэг бүлгийн тоо багасна гээд ач холбогдлуудыг дурдаж болох юм.  


Харин хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний асуудлыг хэрхэн эмчлэхэд  хар тамхины мэргэшсэн эмч бэлдэх шаардлагатай гэдгийг санаачлагчид анхаарсан байх. Учир нь манай улсад хар тамхины донтолтыг эмчлэх мэргэшсэн эмч байдаггүй байна. Хар тамхи, мансууруулах бодисын хамааралтай хүмүүст хордлого тайлах, сэтгэл зүйн эмчилгээг хувьчилсан болон бүлгээр хийж өгдөг аж. Үүнээс өөр мансууруулах бодисын эсрэг өвөрмөц эмчилгээнүүд Монголд байдаггүй бөгөөд хар тамхины эсрэг эмчилгээ маш их хоцрогдолтойд ордог байна.


Б.Лхам



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.