Нэвтрэх Бүртгүүлэх
 
Г.Нямдаваа: Малчдын бодлыг өөрчилж, малын чанарт анхаарал хандуулах хэрэгтэй
nymdawaa-17511.jpg
3 өдөр 15 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Г.Нямдаваа: Малчдын бодлыг өөрчилж, малын чанарт анхаарал хандуулах хэрэгтэй

 

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, доктор Г.Нямдаваатай ярилцлаа.


-Монгол орны газрын доройтол, цөлжилтийн гол шалтгаан юу вэ?

 

-Монгол орны цөлжилт, газрын доройтлын 51 хувь нь уур амьсгалын дулаарлаас үүдэлтэй, үлдсэн 49 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой. Хүний үйл ажиллагаан дотроос цөлжилтөд хамгийн гол сөрөг нөлөө үзүүлж байгаа нь бэлчээрийн мал аж ахуй эрхлэлт юм.  Хуучин уламжлалаар бол малчид жилийн дөрвөн улиралд нүүдэллэдэг байсан. Ингэснээр бэлчээр нөхөн сэргэх боломжтой болдог байлаа. Энэ утгаараа бэлчээрийн мал аж ахуй нь ногоон эдийн засгийн нэгэн жишээ болж байсан ч одоо хүрэн эдийн засгийн жишээ болоод байна. Учир нь Монгол Улсын мал сүргийн тоо өмнөхөөсөө гурав дахин нэмэгдэж, улмаар нутаг чөлөөтэй сэлгэж нүүдэллэх нь хязгаарлагдсан. Малчид отор нүүдэл хийж, нэг газартаа долоогоос илүү хонохгүй байх зарчим баримталдаг байлаа. Гэтэл энэ бүх уламжлал, арга барил алдагдаж, Монгол орны газар хурдацтай доройтон, цөлжилт бий болсоор байна.

 

-Бэлчээрийн даац хэтэрсэн,ямааны тоо хэт олширсныг зохицуулах ямар нэг бодлого Засгийн газарт бий юу?

 

-Малчид эдийн засгийн талаас нь бодож, сүргийн чанар биш тооны хойноос хөөцөлдсөн учраас сүргийн бүтцийн зохилдлогоо алдагдсан нь үнэн. Ямаа цэцэгт ургамлын үрээ цацдаг гол хэсгийг нь түүж иддэг. Ер нь салаат туурайтны гишгэлтээр газар, ялангуяа хазгай хэсгийн хөрс, ургамал устаж, доройтол бий болдог. Тиймээс Бэлчээрийн тухай хуулийг яаралтай батлах асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой. Олон жил бэлчээрийн мал аж ахуйн хүрээнд судалгаа хийсэн хүний хувьд малчдад нэг л зүйлийг хэлдэг. Та бүхний үр хүүхэд 50 жилийн дараа ийм тооны малтай байх боломжгүй. 50 битгий хэл таван жилийн дараа нөхцөл байдал улам хүндэрнэ шүү гэдгийг би шулуухан хэлдэг юм. Энэ мэтээр бодит үнэнийг хэлж, малчдын сэтгэхгүйг өөрчлөх хэрэгтэй. Ингэснээр нь тэд малын тоо биш чанарт анхаарах болно.


-Бэлчээрийн тухай хуульд  ямар зохицуулалт хийх ёстой вэ?

 

-Хөшүүрэг, механизмыг нь бий болгож өгөх хэрэгтэй. Хэрэв сүргийн бүтэц алдагдсан, тоо толгой нь хэтэрхий олон байгаа тохиолдолд толгой тутамд татвар ногдуулах гэх мэтээр асуудлыг санхүү эдийн засгийн хөшүүргээр зохицуулах хэрэгтэй. Нөгөө талаасаа малчид  бэлчээр нутгаа сэргээх, нөхөн сэргэх боломжийг нь бүрдүүлэх, усалгаа хийх гэх мэтээр хөрөнгө оруулалтын арга хэмжээ авсан тохиолдолд тэднийг урамшуулдаг механизмыг бий болгох ёстой. Хамгийн гол нь Бэлчээрийн тухай хуулийн зорилгыг буруу тийш нь хандуулж болохгүй. Жишээлбэл, зэргэлдээ багийн нутаг дэвсгэрт бороо орвол малчид тийшээ нүүхээс өөр аргагүй. Тиймээс тухайн нэг хэсэг газрыг тэр малчинд хариуцуулж өгье гэвэл үнэхээр том асуудал үүснэ. Иймд малчдын амьдралд нийцэхүйц, уламжлал болон өнөөгийн нөхцөл байдалд тохирсон зүйл заалтыг хуульд тусгах нь чухал.

 

-Бусад улс бэлчээрийн мал аж ахуйгаас үүдэлтэй газрын доройтол, цөлжилтийн асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг юм бол?

 

-Би Хятад улсын хилтэй ойр орших хамгийн наад захын баг, Сүхбаатар аймгийн Дэлгэрбаян сумын баг хоёрыг харьцуулж судалж байсан удаатай. Хилийн цаана бэлчээрийг нь хашчихсан байхад наад талд чөлөөтэй бэлчээр байх жишээтэй. Дөрвөн улирлын бэлчээр нь хамгийн олон давуу талтай. Яагаад гэвэл, боломж бололцоогоороо малчид нүүдэллэж, тэр хэрээр нөхөн сэргэх боломжтой байдаг.   Бэлчээрийг хашаалах нь нэг талаараа зөв байж болох ч олон хүндрэл бэрхшээл, эрсдэл дагуулдаг. Жишээлбэл, 15 км-ийн цаана байгаа айлд очихын тулд 30, 40 км туулдаг гэх мэт бэрхшээл үүсдэг. Манай улс өөрийн гэсэн арга барилтай бэлчээрийн мал аж ахуйн тоо хэмжээ, арга зүй, технологийг нь алдагдуулчихсан учраас нөхцөл байдал хүндэрч, асуудал үүсээд байгаа юм.

 

“Монголын Үнэн” сонин



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.