Их бүтээн байгуулалтын өмнөх их “наймаа”
“Шинэ бүтээн байгуулалт”-аас хэнд ямар бялуу хүртээх, хэний халаасыг төсвийн мөнгөөр дүүргэх эрхийг олгох ганц эрх мэдэлтэн нь одоогоор Газрын харилцаа, барилга геодези, зураг зүйн газар болоод байна. Дарга Ц.Ганхүү. Дэд бүтцийн бүхий л асуудлыг нь гартаа атгасан энэ эрхэмд хэрхэн ая тал зассанаар хувийнхны хувьд бялуу хүртэх эрхтэй болох юм. Ж.Наранцацралт Барилга, хот байгуулалтын сайд байхдаа Төрийн нарийн бичгийн даргаараа ажилуулж байсан. Өөрийн гэх инженерийн шугам сүлжээний компанитай гэгддэг тэрбээр барилгын салбарыг гартаа атгасан хүн гэж түүнийг ярьдаг юм билээ. Төрийн нэрийн өмнөөс иргэдтэй хийх газрын наймааны асуудлыг нь тус газрынхан хариуцаж байгаа. Хот төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ, газрын асуудлыг дангаараа хариуцаж буй Газрын харилцаа, барилга геодези, зураг зүйн газар “хэнд эрх мэдэл байна, түүнд нүгэл” буй гэгч болохгүй гэх газаргүй байгаа.
УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх дэд бүтцийн ажил, тус салбарт хэрэгжүүлэх төсөлд урьдчилсан байдлаар 10.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хийхээр Монгол Улсын Засгийн газраас төлөвлөсөн байна. Үүнээс зургаан их наядыг нь Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй, аймгийн төвүүдийг ойролцоох хилийн боомтуудтай холбосон 5572 км авто зам барих, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 990 км хурдны замыг барьж ашиглалтад оруулах, Улаанбаатар хотын авто замын 1, 2, 3 дугаар тойрог замыг шинээр бий болгох, тойрог замыг холбосон туслах зам, хотын алслагдсан дүүрэг, шинээр баригдсан орон сууцны цогцолбор хорооллуудыг холбосон авто зам барих, шинэчлэн сайжруулахаас гадна Хөшигийн хөндийн нисэх буудалтай холбосон 212 км авто замыг шинээр барьж байгуулах, шинэчилсэн 350 км авто зам, хоёр түвшний долоон гүүрэн гарц барих бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр тусгагдсан байна. Дээрх бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулах аж. Эхний хөтөлбөрийн хүрээн шийдвэрлэх дэд бүтцийн асуудалд Хөгжлийн банкнаас гаргах 800 тэрбумын 457 тэрбумыг нь зарцуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Хөтөлбөрийн хүрээнд төрөөс гаргах бөөн мөнгөнөөс базах авах хүсэл Улсын мэргэжлийн хяналтын газар хийгээд Стандарт хэмжилзүйн үндэсний төвд байгаа бололтой. Улсын мэргэжлийн хяналтын газрынхан чанаргүй барилга барьжээ гээд гүрийчихвэл асуудал бишдэнэ. Тэгэхээр тэдний амыг таглаж, аашийг засахад мөнгө хэрэгтэй. Тэгвэл Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн тогтоолоор “Барилга угсралтын ажилчдын мэргэжлийн үндэсний стандарт”-ыг батлуулсан бөгөөд энэ онд “зураг төсөл”, “барилгын машин механизм”, “барилгын материалын үйлдвэр”-ийн ажилчин, ажилтны мэргэжлийн үндэсний стандартыг батлуулахаар боловсруулж байгаа гэх. Тус төвийн мэргэжилтэн Н.Энхтуул энэ ажлыг хариуцаж байгаа гэнэ. Зураг төсөл муу, хот төлөвлөлт хоцрогдсон барилгын материалын үйлдвэрлэлд тавих стандартын босгыг харьцангуй зөөллөхийн тулд бас л мөнгө хаях шаардлагатай болж байгаа.
Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд
- Улаанбаатар хотод баригдах орон сууц, бусад нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийг цогцоор барих,
- Эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулах,
- Цахилгааны 110 кВ-ын ”Их тойруу” цагираг шугам сүлжээг байгуулах,
- “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн үйлдвэрийн уурын нөөцийг дулаан үйлдвэрлэх зориулалтаар ашиглах,
- Гэр хорооллын 2500 айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид хэсэгчлэн холбох,
- Төв цэвэрлэх байгууламжид тунгаагуур шинээр барих,
- Нисэх, Найрамдал, Биокомбинатын цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх зэрэг арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хот, аймаг, орон нутгийн ус хангамжийн эх үүсвэрүүдийн ашиглах боломжтой усны нөөцийг тогтоох, сэргээгдэх эрчим хүчний нөөцийн нарийвчилсан судалгаа хийх гэнэ. Үүнийг Газрын харилцаа, барилга геодези, зураг зүйн газар мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах, хуваарилах үүрэгтэй.
“Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд босох Буянт-Ухаа, Яармаг, Баянголын ам, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, VII, XIV хорооллын 110/35/10 кВ-ын дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын болон дулаан, цэвэр, бохир ус, холбоо зэрэг инженерийн шугам сүлжээний иж бүрэн зураг төслийг боловсруулж батлуулах ажлыг хийж байгаа аж. Эдгээр хорооллуудын шугам сүлжээний барилга угсралтын ажлыг энэ оноос ээлж дараалалтайгаар эхлүүлэхээр төлөвлөжээ.
Улаанбаатар хотод барих “Их тойрог” 220, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын магистраль шугамуудын хөрөнгө оруулалтын тооцоо гарч, дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын техникийн нөхцөл, зургийн даалгавар боловсрогдож байна. “100000 айлын орон сууц төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотод баригдах 75000 айлын орон сууцыг сургууль, эмнэлэг, цэцэрлэг, худалдаа, үйлчилгээний барилга байгууламжийн хамт орон сууцны зургаан хороололоор, иж бүрэн цогцоор нь шинээр барих, түүний дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр болсон гээд тоочвол “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд төрийн агентлагуудын дарга нарын халаас чамгүй зузаарч, хувийнхан 2016 он хүртэл санаа зовох юмгүйгээр тэжээгдэх нь.
Тэгвэл хөтөлбөрийн хүрээнд барилга угсралтын ажил эрхлэх компаниудыг Барилгачдын холбооноос тодруулж байгаа. Тэдгээр компаниудын дийлэнх нь Барилгачдын холбооны гишүүн байгууллагууд гэсэн яриа бий. Барилгачдын холбооны ерөнхийлөгч нь М.Батбаатар. Түүнийг “мансард”-ны гэдгээр хүмүүс сайн мэднэ. Хуучин орон сууцнуудыг мансарджуулах нэрээр багагүй мөнгө халаасалсан гэдэг.
Ямар ч байсан төрийнхэн “Шинэ бүтээн байгуулалт” гэх их бүтээн байгуулалтын далимаар их хөлжих бялуугаа хувааж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, төрийн агентлагууд их мөнгөнөөс идэлцэх “би үүнийг нь , чи түүнийг нь гэх” хуваарилалтаа хийж эхлээд байна.
Н.Бадарч