“Дакар ралли” эхэллээ
Автомашин, мотоцикль сонирхогчдын хүсэн хүлээдэг алдарт “Дакар ралли 2014” уралдаан эхэллээ. Манай улсаас энэ удаагийн уралдаанд гурван тамирчин хурд сорьж байгаа юм. Тодруулбал, олон улсын хэмжээний мастер Н.Лхамаа 104 дугаартай уралдсан бөгөөд 16:14 цагт гараанаас гарчээ. Тэгвэл 143 дугаартай Х.Батболд 16:23, 180 дугаартай Д.Болдбаатар 16:30 цагт тус тус гараанаас гарав. Эхний гараанд тамирчид 805 км замыг туулна. Х.Батболдын хувьд анх удаа Дакарт хурд сорьж байгаа бөгөөд тэрээр “Би 15 настайгаасаа мотоцикль унаж эхэлсэн. Дакар бол дэлхийн шороон замын уралдааны хамгийн хэцүү бөгөөд өрсөлдөөнтэй нь. Энэ жил би Монголд зохиогдсон олон улсын “Ралли Монголиа” уралдаанд чамлахааргүй амжилттай уралдсан. Дакарын олон арван километр замд зориулан мотоциклоороо маш их бэлтгэл хийсэн. Биеийн хүчний бэлтгэл хангахын зэрэгцээ Монголын говийг мотоциклоороо тууллаа. Дакар миний хувьд шинэ бөгөөд гайхалтай адал явдал байх болно. Дакарт финиш хийж уралдаанаа амжилттай дуусгахыг би маш их хүсч байна” гэжээ.
Б.ЗУЛ
|
|