Чимээгүй хотын ”шивнээ”
Нэгэн цагт хорвоогийн тоосыг хөдөлгөж, басхүү өөрийн гэсэн амьдралыг
цогцлоож асан хүмүүсийг мөнх оршоосон газрын нэг нь “Даландавхар”-ын
оршуулгын газар билээ. Нэр, утга учраас нь харсан ч асар их
хүндэтгэлтэй, басхүү цээртэй газар баймаар...
Энд, тэнд хөглөрөх
хог, шороо, малын сэг, зэмээр “Даландавхар”-ын булшнууд дарагджээ.
Заримынх нь шарилын чулуу дошоо унаж, хэдэн хэсэг болон салсан байх
бөгөөд талийгаачдийн нэр аль хэдийнэ харагдахгүй болсон байх аж.
“Даландавхар”-ын яг төв хэсэгт нэгэн шарил байх. Тэр шарилын таг хэдийнэ
онгойжээ. Холоос харвал талийгаачийн үс бололтой саарал зүйл салхинд
хийсэх. Нэгэнт онгойсон шарил дээгүүр хоёр, гурван хар хэрээ эргэлдэх
аж. Хоол хайж байгаа нь энэ. Оршуулгын газрын доорхон хоёр гурван золбин
ноход гүйлдэх. Эдгээр ноход энд, тэндхийн булшийг очиж үнэрлэн, зарим
нь онгорхой шарил руу орж тэндээ хэсэг зогсох аж. Чухам хэзээнээс
“Даландавхар”-ын шарилууд хар хэрээ, золбин нохдыг тэжээсэн эсэхийг
мэдэхгүй. Тэд энэ өдөр идэх холоо олсон нь лавтай.
Ганц нэгхэн
авс онгорхой байна уу гэвэл үгүй. Тэндхийн ихэнх шарилууд дээрхитэй адил
хувь заяатай аж. Тэртээ 1963 онд мөнх бусыг үзсэн нэгэн эмэгтэйн шарил
өнөөдөр хоосон байна. Хөшөөнөөс өөр дотор нь хүн байсныг гэрчлэх юу ч
алга. Харин өрөөсөн гутал, бэлэн гоймонгийн хайрцаг л “хэвтэх”. Мөнх
бусыг үзээд удсан, удаагүй шарилууд ижил хувь заяатай байх ажээ.
Одоогоос жилийн өмнө мөнх бусыг үзсэн нэгний шарил ч үл мэдэг онгойжээ.
Гэхдээ энэ шарил дотроо хоосонгүй. Ямар нэгэн яс байгаа бололтой зүйл
холоос ажиглахад харагдаж байлаа. “Даландавхар”-ын баруунтай хоёр гурван
булшний чулуу байх. Харин шарил нь алга. Уг нь шарилыг агуулсан авс,
цемент тэргүүтэн байсан бололтой ул мөр харагдана. Харин мөнхийн хутгийг
аль хэдийнэ олсон хөөрхий нэгний хэдэн яс л нар, салхи, бороо, цасанд
идэгдэн хэвтсээр...
Бэлтэй нэгэн нь шарилын чулууг гантиг
тэргүүтнээр чимэглэж, цементлэсэн байхад зарим нь шарилын дээр шороо
овоолжээ. Гэхдээ шороогоор овоолсон эдгээр шарилнууд л хөндөгдөхгүй
өнөөг хүрчээ.
Сурвалжлага хийхээр очсон тэр мөчид хэсэг хүмүүс
“Даландавхар”-т байсан бөгөөд нэг зүйлийг маш удаан эрсээр байсан юм.
Тэд ямар нэгэн эд зүйлийг биш одоогоос арван жилийн тэртээ аавыгаа энд
нутаглуулжээ. Нүдээ аргатал хайсан тэд аавынхаа шарилыг олоогүй гэх.
“Энд ямар ч замбараа байдаггүй юм байна. Уг нь хамгаалагчаас нь асууж
болно л доо. Гэвч тэр арван жилийн өмнөх шарилыг хаана байгааг яаж мэдэх
вэ” гэж өөрийгөө Нэргүй хэмээн танилцуулсан хижээл насны эр хуучилж
байсан юм. Тэд удтал аавыгаа эрсэн ч тусыг эс олж, сэтгэл гундуухан
гэдрэг буцав.
Ийнхүү эвдрэх хэсэг нь эвдэрч, алга болох хэсэг нь
алга болсоор “чимээгүй хот”-ын эмгэнэлт “амьдрал” үргэлжилсээр байна.
Өдгөө нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийлсэн 17 гаруй
оршуулгын газар байдаг гэсэн судалгаа бий. Харин эдгээр оршуулгын газрын
дотроос “Даландавхар” 137 га талбайг хамардаг бөгөөд том оршуулгын
газрын тоонд орно. Энэ бүх талбайд хүмүүсийг оршуулсан гэж тооцвол ямар
их хорт бодис агаарт дэгдэж, хөрсөнд нэвчиж байгаа нь ойлгомжтой. Ядаж
байхад эдгээр булшнуудын чамгүй хувь нь онгойчихсон байдаг.
Булш
онгойх, тоногдохоос хамгаалан тойруулан том хашаа босгосон хэдий ч булш
тонох, онгойх явдал тасрахгүй байгаа. гэнэ Гэвч зарим булшнууд хашааны
гадна талд үлдсэн байх аж. Зарим айлуудын хашаанд булшнууд байх. Тэр
айлууд бурхан болоочид даанч хүндэтгэлгүй хандана. Булшных нь чулуун
дээр зарим нь угаасан хувцсаа дэлгээд, хатааж харагдана. Бас өөр төрлийн
“зовлон” амссан булшнууд ч бий. Тэдгээр булшны дээгүүр машины зам
гарчээ. Харин талийгаачдыг хүндэтгэн босгосон хөшөөнүүд нь замын тэмдэг
гэлтэй “дүнсийх” нь цаанаа л ёозгүй. Бүр зарим нь хогийн цэг дунд
нойрсох бөгөөд тэр булшнууд ч аль хэдийнэ хогийн сав болжээ. Чухам
яагаад ингэж заримыг нь хашаан дотор оруулж, заримыг нь гадаа үлдээснийг
ойлгосонгүй.
Хамгийн харамсалтай нь эдгээр булшнуудын тагийг
онгойлгож, тэднийг ил гаргаснаас хавь ойрынх нь айлуудад ямар их хөнөөл
учрахыг “чимээтэй хот”-ын иргэд даанч мэдэхгүй. Хүний цогцсыг газар
булж, оршуулахад агаар дутмагаас тухайн орчинд анероб гэх задрал болж
3-5 жилд зөөлөн эдүүд, 40-50 жилд хатуу эд болох яс задардаг. Ингэж
удаан хугацаагаар задрахад агаар мандалд 20 шахам төрлийн хорт хий
дэгдээдэг аж. Хэрвээ задарч дуусаагүй байгаа үед хүний шарилыг
онгойлговол дээрх хорт хий шууд салхитай урвалд орж хотоор нэг тархдаг
ажээ. Хүнийг далд оршуулсны дараа цогцос ялзарч хөрс бохирддог бөгөөд
халдварт өвчин үүсэх маш том шалтгаан болдог байна. Янз бүрийн халдварт
өвчин болон химийн эмчилгээ хийлгэж байсан хүний цогцос задарснаар хорт
бодисууд хөрсөнд нэвчиж, гүний усанд шингэдэг аж. Газрын хөрсөнд нэвчсэн
аливаа өвчний нян 20-30 жилд амьдрах чадвартай юм байна.
Гэтэл
сүүлийн жилүүдэд “Даландавхар”, “Нарангийн энгэр” гэх мэт оршуулгын
газрын шарилуудыг ар, гэрийнх нь зөвшөөрөлтэйгээр чандарлаж, хоосорсон
газар дээр нь томоохон хорооллуудыг барина гэж ярих болсон. Нийт 17
оршуулгын газрын талбай нийлээд 1000 гаруй га талбайг эзэлдэг болохоор
арга ч үгүй юм. Гэхдээ нэгэнт хөрсөнд нэвчсэн хорт бодисууд шарилуудыг
зайлуулаад ч арилчихдаггүй ажээ. Тэгээд ч эдгээр оршуулгын газрууд дор
хаяж 50 жил болсон байдаг бөгөөд энэ газар байшин барьвал ямархуу хор
хөнөөлтэйг бид мэдэхгүй.
1910-аад оны дундуур Английн аж
үйлдвэржилтийн жилүүдэд бараг 500 гаруй жилийн настай нэгэн оршуулгын
газрын шарилуудыг өөр газар шилжүүлсэн бөгөөд дээр нь томоохон тосгон
барьжээ. Гэтэл барилгын ажил хийж байсан барилгачдын олонх нь халдварт
өвчин тусч, багагүй тооны хүн нөгөө ертөнц рүү талийгаачдын араас
явжээ. Гэтэл Английн томоохон албан тушаалтнууд үүнийг
харгалзахгүйгээр ажлаа үргэлжлүүлсээр байсан юм. Иргэдийг ч суурьшуулж.
Ингэснээс хойш төд удалгүй халдварт өвчин дэгджээ. Гэдэсний хижиг,
халдварт шар гэх мэтчилэн тухайн үед нэрийг нь мэдэхгүй шахам байсан
өвчнүүд ээлж дараагаар халдварлаж эхлэв. Үүний хамгийн гол шалтгаан нь
500 жилийн туршид хөрсөнд нэвчсэн хорт бодисууд байсан бөгөөд тэднийг
гаргахад агаарт асар их хэмжээний хорт бодисууд хуримтлагджээ. Түүнээс
хойш энэ газар хүмүүсийн суурин газар байхаа больсон бөгөөд одоо энэ
газар эзгүй тал болсон билээ. Английн засгийн газрын шийдвэрээр 1940-өөд
оны дундуур бүх барилгуудыг нь нураасан юм. Өдгөө соёлжсон нийгмийн
газар нутаг багатай улс гүрнүүд оршуулгын газраа устгаад дээр нь барилга
барьдаггүйн учир энэ. Хэрвээ хорт бодисыг бүрэн задрахыг нь хүлээвэл
500 жил болох учраас тэр.
Тэнгэр уйлагнасан энэ өдөр
“Даландавхар”-ын амьдрал нэг иймэрхүү байна. хүүрийн тоноочуудад
тонуулсан талийгаачдын нулимс гэлтэй бороо ганц нэг дусална. Арай
шинжлэх ухаанчаар хандвал, эзэнгүй, хоосон булшний хорт бодис бороон
дусалд улам идэвхижин агаарт тархаж ч байж мэдэх л юм. Чимээгүй хотын
аймшигт шивнээ гэгч нь энэ буюу.
Б.БОЛОРСҮХ